Saturday, October 16, 2010

Mongolian Buddhism and its moral depression

Орчин үеийн Монгол дахь Буддын шашны ёс зүйн доройтол

“Зураг гээч нь өөрөө бясалгал мэт “

зураач Б.Эрдэнэбаяр

Өнөөгийн ертөнцөд шашин хэмээгч улс орны уламжал, эдийн засгийн хүч чадавхийг илэрхийлэгч /хятад/ улс төрийн бодлогыг тодорхойлогч /арабын орнууд/ болжээ. Дэлхийн том 3 шашны нэг Буддын шашин нь Монголд хамгийн нөлөөтэй, зонхилох шашин юм.

Буддын шашин Монголд дэлгэрсэн нь

Буддын шашны түүх

МЭӨ 2550 жилийн тэртээ эртний соёл, түүхт Энэтхэг орноо Бурхан багш Шагжамүни мэндэлжээ. Олон шавь нартаа 84 мянган номын хүрдээ эргүүлснээр бурхны шашин дэлгэрсэн түүхтэй. Бурхан багшийн ариун сургааль Энэтхэг орноос хальж Пали ёс Шриланк Бирм, Тайланд, Кампучи, Лаос, Вьетнам, Иран, Иракт Наландарын ёс нь Афганистан,Хятад, Солонгос,Япон, Балба,Төвд, Монгол зэрэг улсад түгж Их, Бага хөлгөний шашин дэлгэрчээ. Наландарын хийдийн хувраг бандида Шивацо 7- р зуунд төвд оронд заларч, Наландарын ном ёсыг дэлгэрүүлж, Сампу, Даваа жин, Сарийн хүрээ хийдүүд тус тус байгуулагджээ. Улмаар Богд Зонхова бээр 14-р зуунд Наландарын хиргүй ариун сургааль номын ёс дагуу Гандан, Брайвүн, Сэра хэмээн гурван сургууль байгуулжээ. Эдгээр хүрээ хийдүүдэд Энэтхэгийн Наландарын, Наландарын их бандида нарын туурвисан учир шалтгааны ухаан, билигбрамид, Төв үзэл, Абхидарма, винайн зохиол бүтээлийн үндэс болгон зиндааны эрэмбэ дараа, ёс жудгийн дагуу хэлэлцэн, мэтгэлцэх аргаар суралцаж, гүн бат мэдлэг боловсрол эзэмшдэг байжээ. Энэ уламжлал дэлхийн түүхнээ зөвхөн Монгол,Төвд улсад уламжлагдан 20- р зуунтай золгосон байдаг.

Түүхээс үзвэл Буддын шашны анхны дэлгэрэлт нь 2000 жилийн тэртээ Энэтхэг орноос шууд дамжин Дундад азиар орж ирсэн гэх баримт байдаг. Удаах нь Их Монголын эзэнт гүрний үед Чингэс хааны залгамжлагчдын үед дэлгэрсэн байдаг. Энэ үед эзэнт гүрний эзэн хаад маань Төвдийн цаст орноос Сажа Бандида Гунгаажалцан, Пагва лам Лодойжанцан зэрэг мэргэдийг залж “Улсын багш” хэмээх цолд өргөмжилж байжээ. Энэ нь Буддын шашны тэлэлтэнд хүчтэй түлхэц болсон юм. Гутгаарх нь: Түмэдийн алтан хааны үе юм. Тэрээр бурханы шашинтан байсан бөгөөд 3- р Далай ламыг Монголд залж, түүнд “Далай лам” хэмээх цол өргөмжилжээ. Түүнчлэн Дээрхийн гэгээн 3- р Далай ламын хойд дүр 4- р Далай лам нь Чингэс хааны Алтан урагт мэндэлсэн байдаг. Энэ үед судар, тарнийн ёсыг тэгш агуулсан их, бага хөлгөнүүд дэлгэрэлтийнхээ оргилд хүрч Монголын эрдэмтэн мэргэд, хутагт хувилгаадууд Буддын шашны их таван ухаан, бага таван ухааны салбарт олон мянган боть, ном зохиол туурвижээ. Гандан хийд нь 1838 онд Далхын дэнж хэмээх газар 2-р Богд Жавзандамба хутагтын зарлигаар байгуулагджээ. Гандантэгчинлин хийдийн дэргэд гүн ухааныг судлах уламжлалт буюу зурхайн дацан бий. 1736 онд байгуулагдсан Гүнчинингааг /гүн ухааны тогтсон үзэл/ баримтлагч Дашчойнпэл, 1809 онд Гунгаачойлон, 1912 онд Идгаачойжинлин дацангууд байгуулагджээ.

Буддын сургааль ба Монгол маягийн буддизм

Буддын шашин 3 дахь удаагаа тэр дундаа шарын шашин Монголд дэлгэрсэн нь цаанаа улс төрийн шалтгаантай гэж үздэг. Юань улс мөхсөөр Монголд улс төрийн бутралын үе эхэлжээ. Монголчууд олон арван ханлигуудад хуваагдаж бие биеэндээ захирагдахаа больж өөр хоорондоо тэмцэлдэх болжээ. Иймээс тэднийг нэгтгэн зангидах нэг үзэл хэрэгтэй болсон. Нөгөө талаас Төвдөд улааны, шарын гээд олон урсгал хоорондоо тэмцэж, хэн нь ч цоройж гарч чадахгүй байсан тул монгол мэтийн цэргийн хувьд хүчирхэг байсан улсаас тусламж авч ноёлох сонирхол байв. Ийм хоёуланд нь буй шалтгаанаар 2 тал уулзалдсан юм. Хүний шашныг өмөөрөх гэж хаа байсан Төвдөд очин хоорондоо байлдаж байсан нь “Цогт тайж” хэмээх кино болон үлджээ.

Буддын сургаальд “Хийсэн үйл болгон дараа нь үр дүнгээ үздэг” гэсэн нь түүний философийн гол гаргалгаа юм. Өнөөдөр, яг одоо амьдрач байгаа биет урьд насны үйлийн үр дүн. Амьдрал бол үхлийн шууд үргэлжлэл. Энэ тойрог /цикл/ тасрахгүй бөгөөд үүнийгээ “Амьдралын хүрд” хэмээдэг. Амьтан болгон зовдог, энэхүү зовлон бол түүний урьд хийсэн үйлийн үр дүн. Иймээс зовохгүйн тулд зовлонтой нь биш түүний шалтгаантай нь тэмцэх ёстой. Тэр шалтгаан нь нэгэнт болоод өнгөрсөн учраас цаг хугацаагаар аялан очиж засах боломжгүй. Гагцхүү иймээс л хожим зовохгүйн тулд хожмын шалтгааныг одоо үүсгэж болохгүй. Эндээс үүдэн буддын сургаальд зав амьдрах сургааль буюу “Хутагт найман мөр”- ийн сургааль бий болжээ. Энэ нь буддын сургаалийн зүгээр л нэг өрөөсөн тал нь. Хүний сайн, муу явах нь зөвхөн өөрөөс л хамаардаг.

Монгол буддизм

1990 онд хийсэн судалгаагаар хүн амын 80 хувь нь өөрийгөө буддис гэж тооцжээ. Харин 2000 онд 50 хувь болтолоо цөөрчээ. 2006 онд Америкчуудын хийсэн хөндлөнгөөс нь ажиглан тодорхойлсон судалгаагаар 15 % буддист, христ 5%, лал шашинтан 3 %, бөө мөргөл 5% шүтдэг болох нь гарчээ. 20% нь атейст буюу шашингүй үзэлтэн, үлдсэн 50% - ийг анимизмтэй холбон тайлбарлажээ.

Өнөөгийн Монголд буй Буддын шашин нь Махаяана гэж Ламайзм буюу шарын шашны урсгал бөгөөд дэлхий дээр зөвхөн Монгол, Төвдөд шүтэж байна.

Энэхүү урсгал нь анх төвдөд буй шашын дампуурлын эсрэг тэмцэж гарч ирсэн юм. 1400- гаад онд Төвдөд Зонхов мэндэлжээ. Тэрээр энэ шашинд буй гажуудлыг арилгахын тулд, түүнтэй тэмцэхийн тулд өөрийн сургуулийг бий болгосныг шарын шашин гэдэг. Түүний сургаальд хар бор ажил хийх, эхнэр авахыг хоригложээ. Харин сексийг бол хориогүй аж. Тэрээр сургааль номлолоо энгийн хүмүүст, нирваанд хүрэх гэж буй лам нарт гэж тусгаарлажээ. Түүний бичсэн “Бодь мөрийн зэрэг” 3 ботиос бүрддэг. Эхнийх нь боть нь эхлэн гэгээрсэн буюу эгэл хүмүүст зориулж буддын сургаалийг тайлбарласан бол удаах хоёр ба гуравдугаар боть нь улам гүнзгийрч нирваанд хүрэн гэгээрэгч, төгс гэгээрэгч нарт зориулжээ.

Ингээд буддагийн гэгээрэлд хүрэх арга лам нараас гадна энгийн хүмүүст ч бололцоотой болохыг зааж, бичиг үсэггүй лам нарт бурханы сургаалийг тайлбарлаж ойлгуулах ёстой болохыг хэлсэн юм. Өөрөөр хэлбэл “Бодь мөрийн зэрэг” номын эхний ботийг өөрөө уншиж гэгээрэх ёстой аж.

Гэтэл өнөөдөр Бөө мөргөл, Анимизм зэрэг янз бүрийн хэлбэртэй холилдон мухар сүсгийн шинжтэй болжээ. Үхэл амьдрал дамнасан “Амьдарлын хүрд”- ний тухай сургаалийг гажуудуулж үхсэн хүн эргэж төрөөд буг, чөтгөр болохдоо тулдаг үзэгдэл болж хавтгайрав. Эргэж төрсөн хувилгаадын тоо замбараагүй болж, энэ нь нэг ёсны бизнес болжээ.

Буддын сургаалийг тайлбарлах үүрэгтэй лам нар маань харь төвд хэлээр ном уншиж үүндээ ид шид, хүч оруулж өвчин зовлонгоос салгадаг болжээ. Хувь хүний үнэнийг өөрөө олох сургааль харь хэлээр ид шид агуулсан тарни болон хувирч буй нь энэ. “Буддагийн сургааль бол үнэний эрэл” хүн өөрийнхөө үнэнийг өөрөө олж “Амьдралын хүрд”- нээс гарсан хүмүүнийг төгс гэгээрэгч гэдэг. Ийм хүмүүс нийт массын маш бага хувийг эзэлдэг. Буддын шашин дэлхийн хамгийн догмагүй шашин. Харин монголын буддизм хамгийн их догма шашин болжээ. Үзмэрч, төлөгч, зурхайч, тарнич гээд буддын сургаальтай цаад утгаараа харш мөн чанартай байх ёсгүй үзэгдэл монголын буддизмын утга чанар нь болжээ. Будда- гийн сургааль бүхэн ид шид, далдын хүч, параписхологи, гоц мэдэрхүй болон хувирсан. Лам нар болгон ирээдүйг тольдож,нүглийг цайруулж, хүний өдөр тутмын амьдралд юу хийх, эс хийхийг зааварладаг болчихож. Энэхүү гаж үзэгдэл манай нийгмийн мораль, сэтгэхүйг эвдэж байна. Тогтох ван, Данзанравжаа, Агваан Хайдав зэрэг монголын эрдэмтэн мэргэд шашны иймэрхүү гажуудал хорт үр дагавартайг анхааруулсан байдаг. Далан жил шашингүй байсан монголд шашин 1990 оны ардчилалын буянаар дахин орж ирэхэд нийгмийн харилцаа, бүтэц зэрэг өөр байсан боловч, хэдиигээр иргэншсэн улсын нэг, хүн амын 98% бичиг үсэг тайлагдсан, бүх нийтийн боловсролын системтэй, гар утас барьж галуу шувууны мах идсэн хүмүүст мухар сүсэг, шашны мунхруулга байх ёсгүй мэт. Энэ нийгэмд асуудал бэрхшээлгүй хүн гэж хэн байх билээ.Өрнөдийн мэргэд “Бодит боломж багасахын хэрээр хий горьдлого ихэснэ” гэх. Асуудал бэрхшээлээ ид шид, далдын хүчинд итгэх замаар шийдэх нь хэр зөв бол. Өнөө үеийн дэлхийн тэргүүлэгч улс Америкид дунд сургуульд дэлхийн шашны тухай хичээл орж тэдгээрийн түүх, намтар, үзэл санаа, ёс журам зэргийг ойлгуулдаг байна. Ингэснээр хүүхдүүд өөрийн гэсэн үзэл санаа тогтсон, бие даах чадвар, ёс журамтай болж. Хар багаасаа л хүмүүжил ёсзүй нь сууж өгдөг тухай Америкийн боловсролын тухай веб сайтад байна. Энэ нь ч үнэн юм. Ямар ч үзэл санаа төлөвшөөгүй хүнд мухар сүсэг тун амархан бий болно. “Бэрхшээл бол мухар сүсгийн эзэн” гэж нэгэн ухаантан хэлжээ. 1990 оноос хойш бид нийгмийн амьдралын өөрчлөлт, эдийн засгийн хямрал, зах зээлийн нийгэмд дасах гээд олон бэрхшээл бий боллоо. Тэгэхлээр бид өнөөдөр гэгээрэхээс илүүтэйгээр мухраар сүслэх явдалийг үндэс болгосоор байна. Нөгөө талаас нь харахад энгийн хүмүүс бид амьдрах наад захын материаллаг хэрэгцээгээ хангах хэрэг гардаг. Харин бурханы сургаалийг бусдад тайлбарлан хүргэх ёстой лам нар маань “сахил” авсан хүний ёсоор энгийн хүнээс ялгаатай байх ёстой. Харин тэд төвдөөр уншиж номынхоо утгыг ч ойлгохгүй нийгмийн мухар сүсэгт хувь нэмэр оруулж байгаа нь харамсалтай. 2550 жилийн түүхтэй, монгол газар дөрвөнтөө дэлгэрч буй буддын шашин жинхэнэ зам мөрөөсөө өнөөдөр хазайчихсан явааг засаж залруулах цаг нь одоо болсон.

Эцэст нь хэлэхэд:

1. Гандан болон бусад хийдүүд өнчин тэнэмэл хүүхдүүдийг халамжилж, хүмүүжүүлэн тэднийг хүн болгоход туслах хэрэгтэй. Одоо бол гадны гэх сүмүүд давуу байдалтайгаар хииж байна.

2. Буддын олон сургааль номыг харь хэлнээс нь орчуулж нийгмийн хүртээл болгох хэрэгтэй./Занабазарын “Жанаг гагадог” гэдэг шүлэглэсэн ерөөл төвдөөр зохиожээ. Үүнийг “Хар хятадыг хаахуй” гэж орчуулж болно. Үүнийг одоо мэнгэ засалд уншдаг. Ийм юм бол Парчингийн “Алтайн магтаал”- аар мөн олон юм аргалж болох нээ”. Баабар 2009.02.14 NTV/

3. Монголын хүрээ хийдүүд төвдөөр биш монголоор номоо уншиж түүнийгээ сүсэгтэн олонд тайлбарлаж өгөх ёстой. Нэн ялангуяа Гандан хийд үүнд анхдагч нь байх ёстой.

4. Дунд сургуульд хүүхдэд шашны/лал,күнз, христ, Будда г/м/ талаар ойлголт өгөх хэрэгтэй. Хүнийг хүн болгоход чиглэсэн, нийгмийн амьдралд биеэ зөв авч явах ойлголт өгснөөр ёс суртахуун, хүмүүжил, үзэл бодол нь төлөвшинө. Харин ямар шашин шүтэх нь хүний эрх чөлөөт сонголт байх ёстой.

5. Байгалийн шинжлэх ухааны хичээлийг илүү практикт, амьдралд ойрхон заах ёстой. Ингэснээр хүн элдэв мухар сүсэг ид шидэнд авталгүйгээр аливаа юманд шинжлэх ухаанчаар, илүү бүтээлчээр хандаж эхэлнэ. Энэ бол хамгийн чухал нь юм.

Энэхүү эссэ маани ингээд дуусаж байна.Таныг чилээгээгүй байх гэж найдаж байна.

Би Германы зохиолч И.В.Гёте-н хэлсэн онч үгс, зохиол, намтарыг нь амьдралдаа ашиглаж мөрдлөг болгодог юм.Түүний хэлсэн нэгэн онч үгээр одоо өндөрлөе.

Унших нь анхны гайхамшиг

Утгыг нь тунгаах удаах гайхамшиг

Уянганд нь нэвтрэх бүхний гайхамшиг

И.В.Гёте (1749-1832)

SIERRA ONE

НОМ ЗҮЙ

1. П.Бадрал “Агнистын гэгээ” 1-4р цуврал

2. Forum.mn

3. En.wikipedia.org/religion

4. Teaching Buddha

5. Богд Зонхова “Бодь мөрийн зэрэг”

6. Baabar.mn

7. Баабар “Нүүдэл суудал”

8. Belfax publisher col. Ltd “Religions of World”

9. Дээрхийн гэгээн Далай багшийн сургаалиуд

10. Д.Баярхүү “Бид ингэхэд хэн юм бэ?”

7 comments:

  1. Лам нар буддын гүн ухааныг эхлээд судалдаг л баймаар даа, гэтэл их хачин тайлбар ярьж явах нь сонсогддог, нүглээ наминчилбал л ок гэдэг ламтай таарч байсан, нүгэл хийж болохгүй тухай ярьмаар юм уг нь. ер нь буддын шашин зөвтгөл ихтэй, ямар сайндаа эмэгтэй хүн хүсэж байхад хүслийг нь биелүүлээгүй бол нүгэл гэж наргианаар ч юм уу үзэж байхав дээ.
    Буддын шашныг гүн ухаан, талаас нь ухаарвал мөнх бусын ертөнцөд шунаж дурлаад байх зүйл юу ч алга гэж ойлгосон жинхэнэ даяанч лам нар бий болох л байх, далай лам шиг сургааль айлддаг, үлгэрлэдэг ламыг монголд лав одоог хүртэл хараагүй л байна.

    Буддын шашин гүн ухааны сургуулийн монгол уламжлал яагаад доройтсон гэвэл өнгөрсөн зууны их хэлмэгдүүлэлтийн гайгаар тасарсан бөгөөд буцааж сэргэх гэж оролдож байгаа ч дундуур нь гажуудал гарсаар байгаа гэж Чойжамц хамба гуай айлдаж байналэй.

    Чиний хэлдэгээр монгол хэл дээр сургааль айлдвал ядаад ид шидийн илбэ жилбийн утга нь бага ч атугай буурч, хүний тархинд юм ордог болох байх. Тэхдээ монголд энэ оролдлого уг нь хийгдэж байсан гэдэг юм билээ. хэдэн лам нар монгол хэл рүү буулгаад ном уншсан чинь хэн ч итгэхгүй, ирэхгүй байсан гэж дуулсан, хүмүүс яасан байхав, дүнгэр дүнгэр гээд уншиж байгаа төвд ном л үнэмшилтэй санагддаг байхгүй юу мухар сүсгээрээ, тэхээр нэлээд далайцтай үйл ажиллагааг эхлүүлж л бүх лам монголоор уншихгүй л бол хүмүүс ид шид хүссээр байх бололтой. Тайваньд лам нар ном уншиж байхыг сонслоо, хятад хэлээр уншиж байсан, өөрийгөө шинжиж, сайн үйлийг үйлд, үйлийн үр жимсийг сайтар тунгаа гэх маягийн зүйл л яриад байсан, энд ямар ч онц суруулдаг, өвчнөөс авардаг, хийморийг нь мандуулдаг зүйл алга.

    ер нь дээрх мэтчилэн шинэчлэлийг хийхгүйгээр шинжлэх ухааны эринд шашин одоогийн байдлаараа ганц урагш алхахгүй нь ээ, одоо монголд бясалгалын олон төвүүд бий болжээ, тэд хүмүүст ядаж л буддын гүн ухааныг ухуулан таниулж байгаа болохоор хэргээ гаргаж байгаа гэж бодож байна. Сүм хийд хийхгүй бол өөр ямар нэгэн зүйлс оюун санааны орон зайг маань эзлэх л болно. тэр нь харин одоогийн байдлаар монголд гадны шашны урсгал, бясалгалын урсгалууд гэсэн хоёр янз байгаа бололтой.

    ReplyDelete
  2. NEg sanal bnaa. Zaawal bid nar olon ulsiin ayulgui baidliin talaar lekts zohion baiguulj baihaar, iimerhuu bas dotood talaa harsan manai niigmiin amidrald mash chuhal nuluutei sedweer hureelen deer uulzalt, yariltslaga hiij boloh yum!

    ReplyDelete
  3. Niigemd ingehed strategy sudlaliin talaar oilgolt mash bololtoidog shuu! Ajaad bh nee!

    ReplyDelete
  4. Strategy sudlal , ayulgui baidal sudlal gdg yalgaatai oilgoltiig sain gargaj uguh heregtei!

    ReplyDelete
  5. Belfax publisher col. Ltd “Religions of World”
    ene nomnii ISBN iig ogoh bolomj baina uu?

    ReplyDelete
  6. netees haigaad oldohgui bna uu? yag nereer n haihadl bdag yum da ug n

    ReplyDelete