Monday, November 15, 2010

Үндэсний аюулгүй байдал гэж юу вэ

Пүрэв гариг, 11-11-2010 09:50

Өнөөдөр Төрийн ордонд эхэлсэн “Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал” сэдэвт сургалт, семинарыг Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын АБГБ-ын байнгын хороо, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албанаас хамтран нийт төрийн албаны ажилтнуудад зориулан зохион байгууллаа.

Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын талаар тавьсан эхний илтгэлд уг үзэл баримтлалыг шинэчлэн боловсруулах цаг үеийн шаардлага болоод ерөнхий агуулгын талаар тодорхой дурдсан юм.

Илтгэгч, үндэсний аюулгүй байдлын талаарх үзэл баримтлалыг Үндсэн хуулийн дараа орохуйц чухал ач холбогдолтой баримт мөн хэмээн дурдаад, Үндэсний аюулгүй байдлыг хангах эрх зүйн суурь, Төрийн нэгдмэл бодлого залгамж чанарыг хангахад чухал үүрэгтэй хэмээн тодорхойлсон. Түүнчлэн Үндэсний зөвшилцлийн тулгуур баримт төдийгүй Төр, нийгэм, иргэдийн хамтын ажиллагаагаар хангагдах чухал суурь баримт мөн хэмээсэн.

Дэлхий нийтийг хамарсан хямрал, халдварт өвчин, цаг уурын өөрчлөлт, гамшигт манай улс өртөх магадлал их болсон, мэдээлэл, харилцааны технологийн дэвшлээс үүдэн мэдээллийн ертөнцөд томоохон өөрчлөлт гарч, мэдээлэл харилцааны цоо шинэ орчин бий болсон, үндэсний эв нэгдэл, ухамсар, хувь хүний оюуны дархлаад нөлөөлөх эрсдлүүд үүссэн, мэдээлэл өөрөө үндэсний нөөц баялаг, улс орны хөгжил, дэвшилд нөлөөлөх чухал хүч болсон, улс төрийн тогтоц, нийгмийн бүтцэд шинэ үзэгдлүүд бий болсон зэрэг нь орчин цагт үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг шинэчлэн боловсруулах шаардлага зайлшгүй бий болсныг мөн онцолсон.

Үндэсний аюулгүй байдал гэдгийг өмнө нь уламжлалт улс төр, цэрэг, дайны заналхийлэлтэй холбон ойлгож, зөвхөн төр, түүний тусгай байгууллагуудын үүрэг хэмээн үзэж байсныг өөрчилсөн гэлээ. Иймд аюулгүй байдлын тухай ойлголт, цар хүрээ, хангах арга замыг өргөтгөж цогц хэлбэрээр хандах, зөвхөн төрийн үүрэг бус нийгэм, хувь хүний хамтын хүчээр хангах зарчим дээр тулгуурлах, төр үндсэн үүргээ гүйцэтгэхдээ иргэдийн оролцоог хангах, санал, бодлыг сонсох, үүссэн асуудлыг шийдвэрлэхэд иргэд нь хамтрах, хяналт тавих боломжийг олгох нь чухал гэдгийг илтгэгч хэлж байлаа.

Ерөөс хувь хүний аюулгүй, амгалан, эрүүл, хангалуун амьдрал нь нийгмийн тогтвортой байдал, хөгжил дэвшлийн сурвалж болох, энэ нь цаашлаад төр, улс, үндэсний аюулгүй байдлыг хангана гэдгийг тэмдэглэсэн. Түүнчлэн төр, нийгэм нь аюулгүй байж иргэнийхээ аюулгүй байдлыг хангана гэсэн хүн төвтэй аюулгүй байдлын үзэл, хүний эрүүл мэнд, хүрээлэх орчин, хүнс нь аюулгүй байх эрх нь баталгаажсан цогц шийдлийг бий болгох арга замуудыг шинээр тусгасан байх нь чухал ач холбогдолтойг онцолсон.

Өмнөх Үзэл баримтлал нэлээд тунхагийн шинжтэй байсан аж. Харин одоо бол тодорхой арга замуудыг томъёолж өгсөн юм байна.

Үндэсний аюулгүй байдлыг хангах арга замыг тодорхойлохдоо, оршин тогтнохуйн аюулгүй байдал, эдийн засгийн аюулгүй байдал, дотоод аюулгүй байдал, хүний аюулгүй байдал, хүрээлэн буй орчны аюулгүй байдал, мэдээллийн аюулгүй байдал хэмээн үзэж болох юм байна.

Харин 1994 оны үзэл баримтлалд байсан 9 зүйлт ангиллыг нэгтгэн 6 зүйл болгосон аж.

Үндэсний аюулгүй байдал гэж Монгол Улсын үндэсний ашиг сонирхлыг хангах гадаад дотоод, таатай нөхцөл бүрдсэнбайхыг хэлдэг юм байна.

Үндэсний ашиг сонирхолд монголын ард түмэн, соёл иргэншил оршин тогтнох, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэр, хил хязгаарын халдашгүй бөгөөд бүрэн бүтэн байдал, үндэсний эв нэгдэл, үндсэн хуульт байгууллын аюулгүй байдал, эдийн засгийн бие даасан байдал, экологийн тэнцвэрт хөгжил багтдаг аж.

Төр, нийгэм, иргэдийн аюулгүй байдал харилцан уялдаатай хангагдсанаар Монгол Улсын үндэсний аюулгүй байдал баталгаажих юм.

Үндэсний аюулгүй байдлаа хангаж чадах эсэх нь төрийн удирдлагын чадавхаас шууд хамаардаг гэдгийг ч илтгэгч дурдсан. Тэгвэл Үндэсний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны зарчим юу вэ,

Эх оронч үндэсний үзлийг дээдлэх

Үндэсний үнэт зүйлээрээ бахархагч, тэдгээрийг хайрлан хамгаалагч, тээн хөгжүүлэгч байх эх оронч үндэсний үзэл, улс, үндэснийхээ ирээдүйн сайн сайхны төлөө хувь нэмрээ оруулахыг эрмэлзсэн Монгол Улсын иргэн бүрийн идэвхтэй үйл ажиллагаа нь үндэсний аюулгүй байдлыг хангах бодлого, үйл ажиллагааны эх үндэс болно.

Төр, иргэний хамтын ажиллагаа

Үндэсний аюулгүй байдлыг хангах нь төрийн анхдагч үүрэг мөн. Иргэдээ аюулгүй байдлын асуудлаар өргөн мэдээлэл, мэдлэгтэй байх, аюулгүй байдлыг хангах үйл хэрэгт хувь нэмрээ оруулах боломжоор хангах, хамтран ажиллахад төр онцгой анхаарна.

Үндэсний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны зарчмын талаар дурдвал,

Аюулгүй байдлын бодлого цогц байх

Монгол Улсын “оршин тогтнохуйн аюулгүй байдал”, “эдийн засгийн аюулгүй байдал”, “дотоод аюулгүй байдал”, “хүний аюулгүй байдал”, “хүрээлэн буй орчны аюулгүй байдал”, “мэдээллийн аюулгүй байдал” харилцан уялдаатай хангагдсанаар үндэсний аюулгүй байдал баталгаажих юм.

Мэдлэгт суурилах

Аюулгүй байдалд хандах хандлага, түүнийг хангах үйл ажиллагаа нь мэдлэг, мэдээлэл, дүн шинжилгээнд суурилах аж.

Бодитой хандах

Болзошгүй аюул, сорилтыг бодитой тодорхойлж, тэдгээрийг гэтлэн давахад хязгаарлагдмал нөөц боломжийг үр дүнтэй дайчлах ёстой аж.

Даяаршлын хүчин зүйлийг харгалзах

Даяаршил улс үндэстний бусдаас хамаарах эмзэг байдлыг нэмэгдүүлж, нөгөө талаас үндэсний ашиг сонирхлоо гадаад нөөц бололцоог ашиглан хамгаалж бататгах боломж олгож байгааг оновчтой ашиглах зэрэг хамаарна хэмээн илтгэлд дурдагдсан.

Төрийн ордонд нээлттэй явагдаж буй уг семинар маргааш өглөө дахин үргэлжлэх бөгөөд Хүний аюулгүй байдал, Мэдээллийн аюулгүй байдлын сэдвээр илтгэлүүд тавигдаж, хэлэлцүүлэг өрнөнө.

No comments:

Post a Comment