Friday, October 8, 2010

Монгол яагаад дэлхийн их бодлогын гадна байдаг вэ?

Монгол яагаад дэлхийн их бодлогын гадна байдаг вэ?

Дэлхийн их бодлогыг зангидаж явсан нь тэртээх XIII –XIY зуунаас хойш Монгол орон зургаан зууны турш дэлхий дахины гадна шоовдор лугаа үлдэж хоцорсон гэдэг. Энэ хэр зэрэг үнэн асуудал бэ? Үнэхээр тийм аваас түүнд учир шалтгаан байна уу, үгүй юү?

Нэгэн зүйл. Монголчууд Газрын дундад тэнгис,Төв Европ зэрэг бүс нутгаас хойш түүхэн хөгжлийн хувь тавилан эргэж, Өрнөд Европ дэлхийн их бодлогын төв болох өөдрөг замаар замнаж эхэлсэн юм. Гэтэл энэхүү шинэ төрийн дорно зүг чиглэсэн бодлого нь Ойрх Дорнодоор дамжин хэрэгжиж ирсэн уламжлалтай байлаа. /Загалмайтны долоон удаагийн аян дайн ба ХХ зууны Ойрх Дорнодын хямралыг санагтун/. Өрнөдийн энэ бодлого нь эртнээс Иран,Иракаас цааш халилгүй замхарч байсан. Өнөөдөр ч гэсэн Дундад Азид орж ирэлгүйгээр Иранаас Өмнөд Ази,Энэтхэг, Хятадын хойгоор дамжин Хятад хүрээд зогсож байна.

Нэгэн зүйл. Дорно зүг чиглэсэн Өрнөд Европын бодлогын бас нэг чиглэл нь Дорнод Европоос дамжин хэрэгжиж байсан авч Орос хүрээд замхарч байлаа. Өнөөдөр ч Өрнөдийн энэ бодлогын хүчтэй шинж чанар нь ОХУ хүрээд үндсэндээ зогсож байна.

Нэгэн зүйл. ХХ зууны 2-р хагаст дэлхийн их бодлого АНУ-д шилжсэн боловч дээр өгүүлсэн нөхцөл байдал онцын өөрчлөгдөөгүй. Ялгаатай тал нь Европ,Баруун Ази руу чиглэсэн бодлогын, хойд чиглэл нь Ойрх Дорнод,Иран,Иракаар дамжин Энэтхэг хүрээд, Дорнод Ази өөд чиглэсэн бодлого нь Номхон Далайгаар дамжин бас л Хятад хүрээд хүчтэй шинж чанар нь зогсож байна.

Нэгэн зүйл. Дэлхийн их бодлого хэрэгжин ирсэн энэ уламжлал олон улсын харилцаанд хоёрдугаар зэргийн шинж чанартай Орос, Хятад зэрэг улсууд Монголоор оролдож байх нөхцөл байдлыг бий болгож өгсөн ажээ.

Нэгэн зүйл. Монгол улс дэлхийн их бодлогоос өрнө, хойд талаасаа Орос орноор, дорно өмнө талаасаа Хятад улсаар хаалттай нөхцөлд тэрхүү бодлогод орж очих асуудал зөвхөн бидний өвөрмөц сэдэл, идэвхтэй үйл ажиллагаанаас хамаарна.

Тэгэхээр энэ хөөрхийлөлтэй гэмээр нөхцөлд бидний дэвшүүлээд байгаа “олон тулгуурт бодлого”, “хоёр хөршийнхөө дунд төвийг сахих бодлого” маань зөв үү? Бидний өмнө босож ирээд буй аварга зорилтод хүрэхэд энэ маань зөв зүйтэй хэрэгсэл болж чадах уу? Үүнийг доод гарчигт хөндөн тэрлэхийг оролдъё.

“Олон тулгуурт бодлого”ба “хоёр хөршийнхөө дунд төвийг сахих бодлого”

Монголчууд ХХ зуунй эхээр тусгаар тогтнолоо олж авснаасаа хойш гадаад бодлого raison d’etat зарчим буюу хүчний тэнцвэр хадгалах зарчмын хүрээнд хамрагдан орохыг хүсэж байсан боловч харамсалтай ньrealpolitic буюу их гүрний ааглах бодлогын төмөр бахинд хав хавчигдсан билээ.

Гэвч 90-ээд онд Дорнод Европ,Азид ардчиллын гэгээн үзэл санаа нэвтэрч ирснээр Монголчууд геополитикийнхоо таагүй байдлыг зөөллөх зорилгоор “олон тулгуурт бодлого” баримтлан явуулахаа зарласан билээ.Байдлаас харахад энэ нь стратегийн зорилт мэт харагддаг.Гэвч стратеги номлол ба итгэл үнэмшил хоёрын хоорондын нууц зөрчилийг хэрхэн гаргах, эс бөгөөс геополитикийн бодит нөхцөл байдал болон боломж бололцоо хоёрын хооронд хэрхэн сонголь хийхийг тооцож хэлж өгсөнгүй. Өөрөөр хэлбэл raison d’etat-ын хувьд харьцангуй шинэлэг зүйл биш боловч realpolitic- ийн хувьд шинэлэг зүйлийг Монголчуудын өмнө босгож ирэхдээ тэр бодлого бидний боломжид тохирох эсэх,Монгол орны геополитикийн нөхцөл байдалтай зөрчилдөх эсэхийг бидэнд сайтар ойлгуулж өгсөнгүй. Тэгэхлээр ”олон тулгуурт бодлого” гэдэг маань realpolitic-ийн хувьд шинэлэг зүйл учраас энэ бодлогыг мөрөдөхөө тунхаглан зарласнаас хойш Монголчууд бид нэг их гүрний бодлогыг зуун хувь аялдан дагалдахаа больсон ажээ.Харин “олон тулгуурт бодлого” нь raison d’etat –ын хувьд харьцангуй шинэлэг зүйл буюу тухайлбал Монголын хувьд геополитикийн таагүй нөхцлийг арилгаж,гадаад орчны хүчний харьцааг тэнцвэржүүлэх гэсэн зорилгоороо шинэ зүйл биш гэлтэй. Өөрөөр хэлбэл 1911 онд мэндэлсэн “гуравдагч хүчний бодлого” –той энэ талаараа утга төстэй юм.

Манай геополитикийн орчинд ХҮII зууны ба ХХ зууны геополитикийн орчинтой нь харьцуулбал тодорхой өөрчлөлт орж, шинэ шинэ хүчин зүйлүүд бий болж буйг үгүйсгэх араггүй. Өөрөөр хэлбэл манай геополитикийн нөхцөл байдлын буруутан болсон хоёр хөрш маань нэгд, ардчилагдаж байна, хоёрт, глобальчилагдах үйл явцад хүчтэй татагдан орох шинжтэй байна. Манай геополитикийн орчинд орж ирсэн орчин цагийн олон улсын харилцааны эдгээр шинэлэг хүчин зүйл нь Монголын хувьд сайн муу аль ч талтай байж болно. Тухайлбал хоёр хөрш маань ардчилагдах нь тэдний гадаад бодлогыг /Монголын талаарх бодлогыг/ зөөлрүүлж, уян хатан шинж чанартай болгох геополитикийн даралт, дарамтыг санасан шиг багасгахгүй. Гэтэл глобальчлал бидэнд хүсэн мөрөөдөж байснаас маань огт өөр үр дагавар авчирч чадах билээ.Бид Хятадаар дамжиж глобальчлилагдах юм бол эдийн засаг маань энэ салбарт нэн эрчимтэй хүчирхэгжиж байгаа Хятадын бүрэн хараат байдалд орох өндөр магадлалтай. Хэрвээ Оросоор дамжин глобальчилагдах юм бол эдийн засаг маань хэт улс төржих юм уу, мафичлагдах магадлал илүү ихтэй. Нөгөө талаар ОХУ эдийн засгийн хувьд сэргэж ирмэгцээ хөрш зэргэлдээ улсуудаа дарамталдаг бодлогоо сэргээх нь илэрхий. Үүнийг Путины айлчлал Монголын хувьд нотолж өглөө гэхэд хилсдэхгүй.

Оросын бодлого манай хувьд ямагт хоёрдмол шинжтэй, Хятадын бодлого Монголыг нэгтгэн авах хатуу чиг шугамтай байсныг бид мартах ёсгүй. Тиймээс Орос,Хятад хоёрын бодлогын угийг сайтар шинжиж үзвэл тэдгээр бодлогод чанарын гүн гүнзгий өөрчлөлт гарах яагаа ч үгүй байна гэж хэлж болохоор юм. Энэ бол Орос, Хятадын харилцаанд raison d’etat зарчим нэвтрэхэд ахиц гараагүйг харуулж буй шинж чанар бөгөөд энэ учир realpolitic-ийн зарчимтай тэдгээр улстай харилцах харилцаандаа төвийг сахих бодлого баримтлахад нэн төвөгтэй болохыг илэрхий болгож байна.

Энэ маань ч олон тулгуурт бодлого ба хоёр хөршийнхөө дунд төвийг сахих бодлогын аль алиныг нь явуулж болохгүйг бараг нотлоод өгч байнаа.Өөрөөр хэлбэл энэ хоёр бодлогын эхнийх нь Монголын хувьд эерэг сөрөг урсмал шинж чанартай буюу бараг анархи шинжтэй, нөгөөх нь бодит бодлогоос ангид хэт идеалист шинж чанартай байна.

Бид хэрхэх ёстой вэ?

Улс орны удирдагч дөтлөн ирж буй аюулыг урьдчилан мэдрэх аваас суурь шинж чанартай гүн гүнзгий шийдвэр гаргах оролдлогыг заавал ч үгүй хийх ёстой. Хэрвээ тэрхүү аюул занал цаг хугацааны улиралтаар улам бүр ихсэх хандлагатай байвал түүнийг үүр уурхайд нь дарж авах ёстой. Хэрвээ дөтөлж ахуй аюул зөвхөн тухайн цагийн тааламжгүй нөхцөлийн үр хөврөл ахул тэрбээр аюулыг зайлуулах таатай нөхцөл бүрэлдэнэ хэмээх итгэлээр тэр цагийг хүлээх нь зүйтэй. Жишээлбэл: хоёр зуун жилийн өмнө Францын ерөнхий сайд агсан Ришелье хамба улс орондоо учирч буй аюул заналыг Франц улсыг хүрээлсэн дайсагнасан хүрээллийг гэж үзэж байснаас гадаад бодлогынхоо гол цөмөө түүнийг арилгах арга зам эрж хайх явдал гэж үзэж байв. Гэхдээ тэрбээр тухайн үедээ тэрхүү нуугдмал аюул чухам юунаас бүрдэж байсныг маш сайн мэдэж байлаа. Тиймээс эхэлсэн үйл явдал юунд хүргэж болохыг Ришелье урьдчилан тааж чадсан юм. Ийнхүү тэрбээр бүх нөхцөл байдал бүрэн илэрч ирэхийг хүлээж “цаг хугацаа –г холбоотноо болгожээ.

Гэтэл манай улсын төрийн болоод дипломатын шинж чанартай үйл ажиллагаа буюу хоёр хөрштэйгөө хамтарч ажиллахаар урьдаас төлөвлөсөн хийсвэр төлөвлөгөө Японыг өөрөөсөө хөндийрүүлж хүйтрүүлэх ойлгомжгүй бодлого, АНУ болон Европын холбооны улсуудад эргэлзээ төрүүлэх байдал зэрэг нь нэгдэн нийлсэн нь Монголын хувьд удаан тэсэж тогтохын аргагүй нөхцөл байдлыг өдгөө бий болгож магадгүй болчихоод байна. Ийм байдал гүнзгийрэх аваас манай гадаад бодлогын амин сүнс алдагдах төдийгүй олон улсын харилцааны явцад хийсэн өөрсдийнхөө задлан шинжилгээнд тулгуурлан үйл ажиллагаа явуулж чадахаа байхад хүрнэ. Үүнийг тойрч гарах арга чарга бидэнд бий юу?

Тэгэхлээр Монголчууд бид хоёр зүйлийг нарийвчлан сэтгэж, ялгаж салган тус тусад нь гүн гүнзгий ойлгох ёстой. Өөрөөр хэлбэл өөр өөдөө дэлхийн анхаарлыг татах гэж оролдох нь бидэнд ашигтай юу, аль эсвэл өнөөгийн байдалдаа сэтгэл хангалуун үлдэх нь ашигтай юу, гэдгийг нарийн тунгаах явдал тустай байх нь дамжиггүй буй за. Энэ хоёр замын алиныг сонгосноос хэрхэх вэ гэдэг хоёр тусдаа аргачлал гарч ирнэ. Хэрвээ бид эхний замыг сонговол доорх хүчин зүйлүүдийг тооцон аргачлалаа боловчруулан гаргах ёстой.

Нэгэн зүйл. Дэлхий дахин эс анхаарч ахуйд тэдний анхаарлыг татахын тулд манайх шиг хоёрхон хөрштэй улс гуравдахь хүчийг ямар нэгэн байдлаар заавал ч үгүй оруулж ирэх шаардлагатай. Энэ нь хоёр хөршийнхөө бодлогыг зөөллөж ухаажуулах, анхаарлыг нь зөв чигтэй болгоход тустай төдийгүй дөрөвдөгч өөр бусад орнуудын бодлого орж ирж байх байнгын сувгийг нээлттэй болгож өгнө.

Нэгэн зүйл. Дэлхийн тэргүүн орны анхаарлыг өөр өөдөө байнга татаж байх үүднээс түүний эрх ашгийг бий болгох оролдлогыг байнга бөгөөд цуцалтгүй хэрэгжүүлэх шаардлага тулгарна.

Нэгэн зүйл. Дэлхий нийтийн амин чухал болон олон улсын харилцааны тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд өндөр идэвхи, чанга сонсгоглонтой дуу хоолойтой байхыг хичээн оролдох явдал чухал юм.

Эцэст нь хэрвээ бид хоёрдох замыг сонговол мөн л доорх хүчин зүйлүүдийг тооцон аргачиллаа боловсруулан гаргах ёстой.

Нэгэн зүйл. Улс төрийн болон дипломатын хүн бүхэн Монголынхоо төдийгүй Евразийн дипломатын түүхээ гүн гүнзгий мэддэг байх зайлшгүй шаардлагатай. Түүхээсээ сургамж аваагүй ард түмний мөхөл нь ирдэг гэсэн бичигдээгүй хууль бий учраас Монголын унаж боссоон түүхийг мэдэхийн учир энэ буюу. Үүнийг чухам төрийн бодлого болгон зангидваас зохилтой.

Нэгэн зүйл. Монголын дипломат бодлогыг гүн гүнзгий утга агуулгатай, мөн нэгдмэл ба залгамж шинж чанар төгс болгох нь унаж босохын алинд ч эндэж гундаагүй Монгол түмний тусгаар тогтнолыг мөнхлөхөд нэг тустайг эцсийн эцэст ухаарах нь зохиролтой.Энэ их үйлсийг улс төрийн давалгааныг эс ажиран барьж чадах цорын ганц хүчин нь эх оронч гүнзгий сэтгэхүйтэй хүмүүсийн бүлэг байдгийг бүү умарт. Төрийн тусгаар тогтнолыг хамгаалах Монголын гадаад бодлого төрийн эрх авсан намын бодлогбн хар гайгаар баруун зүүн тийш холбирохгүйн учир энэ буюу.

Нэгэн зүйл. Хоёр хөрш маань ил далд олон зөрчилтэй ч Монголын асуудал дээр амархан зохицолддогийг санагалзан элдвийн интернационализм /пролетарийн болоод социалист/ космополитизмээс зайлсхийж явах нь Монголчууд бидэнд өлзийтэй. Цөөн Монголыг уусгаж алга болгохгүйн учир энэ буюу.

Нэгэн зүйл. Хүндээ хөнгөнөөсөө өгөхгүйн тулд өнөөгийн Монголчуудын бараг онцлог нь болсон атаач, матаач, хэрүүлч, мушгаач зангаа орхицгоож, тусгаар тогтнолоор амьсгалж, амьдарч түүнийхээ төлөө бүхнээ зориулах нь бидэнд нэн тустай. Барын сүүл явснаас батганы толгой болж эрх чөлөөтэй явахын гайхамшиг энэ буюу.

Нэгэн зүйл. Бүх нийтийн эх оронч халуун үзэл, тусгаар тогтнол, үүх түүхээ юунаас ч дээдлэх сэтгэлээ, улч төрийн тогтвортой байдлыг баттай хангах ба эдийн засгийн хувьд хүчирхэгжих эрмэлзэлтэй бүрэн хослуулж чадвал тавьсан зорилгодоо бид хүрч чадна.

Монгол түмэн минь бүү омтгойр, бүү умарт.

Хиад Ж.Бор

No comments:

Post a Comment