Saturday, October 16, 2010

Азийн бүс нутаг дахь их гүрнүүдийн өөрчлөгдөн буй статус

Хүйтэн дайны үе буюу хоёр туйлт систем задран унаж, АНУ цорын ганц их гүрний статусаа хадгалан үлдсэн. Бодит байдал дээр ч АНУ энэхүү байдлаа баталж чадсан.

Сөргөлдөгч хоёр том хүчний хооронд тогтож байсан хүчний тэнцвэр үгүй болсноор улс орнуудын олон улсын харилцаанд эзлэх байр суурь, статус аяндаа өөрчлөлтөнд орсон билээ. Хоёр туйлаас нэг туйл уруу 1 туйлаас олон туйлт системд шилжин орж буй нөхцөлд түүнд эзлэх улс орны байр суурь,төлөв байдал, эзлэх жин нөлөөг судлан тогтоох нь чухал юм. Хүйтэн дайнаас хойшхи энэ эрин үеийг хоёр үндсэн загвараар тодорхойлж буй.

Үүнд:

1. Эерэг бус төсөөлөл буюу С.П.Хантингтоны загвар. Үзэл суртлын тэмцэл үгүй болсон ч Атлантизмыг сөрсөн иргэншил хоорондын мөргөлдөөн үргэлжилнэ. Барууны ялалт ялалт огтоос биш, үзэл суртлын оронд түүнийг орлох хүчтэй иргэншил бий болно.

2. Эерэг төсөөлөл буюу Ф.Фукуяамагийн загвар. Энэ төсөөллөөр бол барууныхны ялалт цааш үргэлжлүүлэн дуусгаж, нэгдмэл нэг ертөнц бий болгох тухай юм. Улс үндэсний ялгаа арилж , “Ардчилсан, хүмүүнлэг” үнэт зүйлээрээ дэлхий дахин ардчилагдана.

Эндээс С.П.Хантингтоны таамаглалыг авч үзвэл түүхэн гол иргэншил гэдэгт мянга буюу түүнээс удаан настай хятадын, японы, энэтхэгийн, үнэн алдарт славын, барууны, латин америкийн гэсэн ангилал ихэвчлэн хийдэг. Эндээс Хятад, Энэтхэг, Япон нь иргэншлийн хувьд нэгдмэл төр улстай байна. Хятад, Энэтхэг хоёр нь угаасаа хүн ам олонтой, газарзүйн хувьд ашигтай байрлалтай, далайд гарцтайн дээр түүхээс бүс нутгийн их гүрэн байх төрөлхийн статустай юм.

АНУ-ын Үндэсний тагнуулын зөвлөлийн (National Intelligence council) шинжээчдийн багын боловсруулсан “Дэлхийн дүр зураг-2020” (Mapping the global future-2020; 2004) илтгэлд 2020 он гэхэд АНУ их гүрний байр сууриа алдана, гэхдээ голлон тоглогч хэвээр байна. АНУ их гүрний байр сууриа алдах эсэх нь дэлхийн бусад их гүрэнтэй хэр зэрэг өрсөлдөж чадахаас хамаарах бөгөөд америкчууд ч өөрсдөө шинжлэх ухаан, технологи, эдийн засаг, соёлын салбарт бий болгосон олдмол статусаа хадгалж чадах эсэх нь чухал нөлөөтэй аж. Мөн шинэ зуун азийн зуун болно гэж “PROJECT 2020” санал нэг байна. Үүнд бүх Ази бус Хятад, Энэтхэг хоёр эдийн засгийн хувьд их гүрэн болох тухай бичжээ. Тэр дундаа “Хятадын аюул” гээчийг гол тайлбараа болгосон байна. Ойрын хорин жилд хятадын ДНБ-ий хэмжээ АНУ-ын араас элдсээр нэг бол гүйцнэ, эсвэл хоёрдугаарт баттай орох бол Энэтхэг ДНБ-ий өсөлтөөрөө Япон, Германтай ижил түвшинд очих аж. Хэдий эдийн засгийн хувьд хүчирхэг авч нэг хүнд ноогдох ДНБ-ий түвшингээр доогуур, хоёр улсын хүн амын ихэнх нь хүн амын амьжиргааны түвшингийн үзүүлэлтээр төдийлэн дээшлэхгүй нь харагдаж байна. Зөвхөн энэ үзүүлэлт л “Хүйтэн дайны” дараахь шинэ дэг журам төлөвших үед хоёр улсын ямар байр суурьтай байхыг үзүүлэх гол үзүүлэлт юм. XXI зуунд дэлхийн шинэ дэг журмийг үймүүлж чадах лалын иргэншил хүчтэй болж байна. Дэлхийд лалын шашинт 53 улсын 1 тэрбум хүн буюу дэлхийн нийт хүн амын 6 хүн тутмын нэг нь лалын шашинт хүн байдаг ажээ. Оросын судлаачдын тооцоогоор 2030 он гэхэд лалын шашинтанууд 2 тэрбумаас давна. ОХУ-д гэхэд л лалын шашинтанууд хоёр дахин өсөж, хүн амын гуравны нэгд хүрэх судалгаа гарчээ. Лалын шашинтанууд ингэж үлэмж ихээр үржих нь хэд хэдэн үндэслэлтэй гэж үздэг.

Үүнд:

1. Ази, Африк дахь лалын шашинт хүн амын доторх төрөлт их болсон

2. Амьдрах аж байдал өмнөхөө бодвол бүхэлдээ дээшилсэн

3. Шашины хүчтэй суртал нэвтрүүлэг

оршин байгаатай холбоотой ажээ. Хэрвээ Орос орон олон зуун сая лалын шашинтанууддаа идэгдэн уусаад Европын холбоо, НАТО дорно зүгт хүчтэй интеграцчилагдан ОХУ түүнийг эсэргүүцсээр байвал ОХУ нь улам бүр Ази маягийн улс болох бөгөөд дэлхийн бодлогод Азийн байр сууринаас оролцох дүр зураг үүсэж байна. Илүү эерэг төсөөллийн тухайд гэвэл ОХУ-ын алтан валютын нөөц өссөөр сүүлийн 10 гаруй жилийн дотор 280 тэрбум доллар болж өссөн нь Еврогийн бүсийн орнуудад томд орох санг бүрдүүлж чаджээ. Энэ маягаараа 2050 он хүртэл явбал эдийн засгийн хэмжээгээрээ дэлхийд эхний долоод орох эдийн засгийн хүчирхэг гүрэн болох юм.

Энэ долоог доор жагсаах аваас:

1. Хятад

2. АНУ

3. Энэтхэг

4. Япон

5. Бразил

6. Мексик

7. Орос (Goldman Sachs)

зэрэг орнууд орж байна.

Мөн АПЕК, Зүүн Азийн Хамтын Нийгэмлэг, ШХАБ гээд бүс нутгийн эвсэл, форумд BRIC буюу Бразил-Орос-Энэтхэг-Хятадаас 3 нь голлох байр суурь, үүрэгтэй оролцох тухай төлөв байдал харагдаж байна. Энэ дөрвийн 2-той нь манай улс шууд хиллэдэг билээ. Ялангуяа манай улс шууд хамаатах ёстой Зүүн Азийн хамтын нийгэмлэгийг Хятад улс өөрийн нөлөөн дор залуурдаж үүнд нь Япон, Солонгос, Энэтхэг цаашдаа Орос татагдан орох магадлал бодитой болжээ. Энэхүү нийгэмлэгийн гишүүнчлэлийн шалгуур нь АСЕАН-ы шалгуур байх тухай 2005 онд зарласан. АСЕАН-ы тухайд хэдэн зүйл хэлэхэд энэхүү Зүүн өмнөд Азийн орнуудын холбоо нь 2020 он гэхэд эдийн засгийн интеграцчилалд бүрэн нэгдэж, нэгдсэн зах зээлд шилжих хөтөлбөрийг үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Мөн 2020 он гэхэд аюулгүй байдлын хамтын нийгэмлэг байгуулах зорилт хэрэгжинэ. Саяхан Хятад улстай чөлөөт худалдааны гэрээ байгуулсан бөгөөд одоо ЕХ, АНУ-тай байгуулахаар ажиллаж байна.

Улс төрийн хүрээнд 2002 онд Азийг бүхэлд багтаасан “Азийн хамтын ажиллагааны яриа хэлэлцээн”-ний механизм үүсгэж, эдүгээ 28 улс нэгдэн оржээ. Ингэснээр Азийн бүс нутагт эдийн засаг, худалдаа - аюулгүй байдлын олон талт хамтын ажиллагааны асар том орон зай үүсэн, нэг цогц үйл явц болж цааш өрнөх төлөвтэй байна. Бүс нутагчлах - интеграцчилах үйл явц улс гүрнүүдийн жин нөлөөнд нөлөөгөө үзүүлж байгаа ч энэ үзэгдэл Ази тивд илүү ихээр нөлөөлж байна. Үүнээс үүдэн

1.Ази тивд эдийн засгийн өндөр хөгжил нь Энэтхэг, Хятад зэрэг оронд зэвсэглэлээр хөөцөлдөх боломж олгож байна. Эдгээр орнуудын дэлхийн бодлогод эзлэх байр суурь ч өсөх төлөвтөй. Энэ хоёр орны ирээдүйн харилцаанд өөрчлөлт орж хуучин дарагдаастай байсан олон асуудал босч ирэн бүс нутагт мөргөлдөөн, хямрал бий болж болзошгүй юм.

2. Хятад улс нь Азийн хамгийн том эдийн засаг болсноор бүс нутаг дахь өөрийн нөлөөг бэхжүүлж Зүүн азид уламжлалт жанжлалаа тогтоохоор илт санаархах болно. Ингэснээр хил залгаа жижиг улс орнууд түүний хавсарга болох эсвэл Хятадын нөлөөг тэнцвэржүүлэгч хүч болох гэсэн сонголт тулгарч байна.

2025 он гэхэд Энэтхэг, Хятад хоёр дэлхийн голлох тоглогчид болох авч зарим талаар Энэтхэг нь Хятадаас илүү нөлөө бүхий гүрэн болох магадлалтай гэсэн эрдэмтэд, судлаачдын үзэл байдаг.

Үүнийг шалтгааныг дурьдвал:

1. Хятад улс нэг гэр бүл - нэг хүүхэд гэсэн бодлогоор хүн амын өсөлт нь зогсож, харин Энэтхэг 2040 он гэхэд Хятадыг хүн амын тоогоор давж гарах хэмжээнд хүрнэ (НҮБ Хүн амын сан “Дэлхийн хүн ам-2004 илтгэл”)

2. Энэтхэг нь ардчилсан төрийн институцтай улс бөгөөд хятадын авторитари дэглэмд байхыг хүсдэггүй дундаж ангийнханы зөрчлийг бодвол улс төрийн тогтворгүй байдал гарах магадлал бага.

3. Энэтхэг нь мэдээллийн технологийн гол чухал салбаруудад хөрөнгө зах зээл, дэлхийн түвшний компаниудын үзүүлэлтээр Хятадаас давж гарах ажээ.

Дэлхийн их бодлогод АНУ - Хятад гэсэн тэнхлэгээр дэлхийн шинэ дэг журам тогтож байгаа өнөө үед улс орнууд түүнд тааруулан өөрийн байр сууриа зөв эзлэх нь чухал юм. Өнөөгийн дэлхий ертөнц улам бүр даяаршиж, санхүү эдийн засгийн харилцан хамаарал, телекоммуникацаар холбогдсон цоо шинэ мегаполис ертөнц болон хувирч байна. Даяаршилыг ганц Америктай холболгүй, харин азийн Хятад, Энэтхэг, латин америкийн Бразилын хөрөнгө давамгайлсан үндэстэн дамнасан корпорацуудтай холбож үзэх ёстой гэж бодож байна. Эрдэмтдийн тооцоогоор бол АНУ, Япон, Баруун Европ нь энэ эрчээрээ тогтвортой цааш хөгжвөл олон улсын улс төр, санхүүгийн институцид тэргүүлэх байр сууриа хадгалах боломжтой гэж үзжээ (NIC “Project 2020”; 2004). Даяаршилын үр шимийг олон улсын харилцаанд зөв байр сууриа олж нано, био, мэдээллийн технологийг эзэмшсэн тэр л улс орнууд хүртэх бол тэрхүү технологийг нэвтрүүлэхгүй, төрийн ухаалаг бодлого менежмент хэрэгжүүлэх чадваргүй нэг нь хөгжлөөс хоцорч, магад ч үгүй устаж алга болно. Чухам энэ л яг одоо бидэнд өмнө зогсож байгаа гашуун үнэн бус гэж үү. Үүнд өртөхгүйн тулд бид дэлхий дахинтай зэрэгцэж, бусдаас өрсөн хөгжих ёстой билээ.

Эрдмийн хэт цахиваас

Хөгжлийн гал бадармой! SIERRA ONE

No comments:

Post a Comment