Thursday, October 7, 2010

ИРЖ БУЙ ХОЁРДОГЧ ЕРТӨНЦ

Параг Ханна

Азиас Зүүн Европ, Латин Америк хүртэл дамнан орших хөгжиж буй улс орнууд бие даасан, итгэлтэй бодлого явуулах боллоо. “Хоёрдогч ертөнц”-ийн улсууд нэгдэн нийлж хөгжингүй, хүчирхэг улс орнуудыг талцуулан өөрсдөө давуу байдал олж байна.


“Хоёрдогч ертөнц” гэх нэр томъёо эдүгээ хэрэглээнээс гарчээ. Хуучин социалист системийн орнуудад хамааруулж хэрэглэдэг байсан уг хэллэгийг өнөөдөр би Зүүн Европ, Латин Америк, Ойрхи Дорнод, Зүүн өмнөд Азийн улсууд мөн түүнчлэн баян ба ядуу, хөгжингүй ба буурай орнууд, орчин үеийн ба орчин үеийн бус олон янзын соёлын нөлөөтэй мөн уламжлал дагасан хуучинсаг гээд бүх улс орнуудад хамааруулан хэрэглэж байна. Энэ нь анхдагч ба гуравдагч орнуудын хоорондох түр зуурын үзэгдэл биш бөгөөд аль нэг бүхэл улс гэхээсээ илүү хот, корпорацын бүлгүүдээс ялагч, ялагдагчдаар шилэгдсэн урт хугацаанд үргэлжилэх тогтвортой үйл явц юм. 2005-2007 онд миний бие эдгээр хоёрдогч ертөнцийн 40 гаруй орноор аялахдаа ойлгож авсан нэг зүйл бол тэд АНУ болон бусад гадны нөлөөгөөр бус харин өөрсдийн гэсэн хөгжлийн хэв загварын дагуу хөгжихийг хүсэж байна. Казахстаны сайд нар “Казах чиг шугамаараа”, Энэтхэг дипломатууд “Энэтхэг чиг шугамаараа” бахархаж, Бразилын албаныхан “Бразил чиг шугамаар” бахархдагаа итгэлтэйгээр мэдэгдэж байв. Тэд бүгдээрээ Америк маягийн биш, өөртөө эзэн болсон даяаршилыг хүсдэг. Тэдгээр орнууд дотооддоо ихээхэн сул хэдий ч геополитикийн зах зээл дээрх шинэ тоглогчид бөгөөд Америкаас дутахааргүй санхүү, цэргийн тусламжийг Европ ба Хятадаас авч байгаа билээ. Хүчирхэг орнуудыг талцуулж өөрийн хүссэн зорилгодоо хүрч болохоор байхад аль нэг талын ивээлд орох хэрэгтэй гэж үү?
Энэтхэг Хятадтай хийх худалдааны эргэлтээ өсгөж Оросын зэвсгүүдийг их хэмжээгээр авахын сацуу Америктай иргэний зориулалтаар цөмийн эрчим хүчийг ашиглах хэлэлцээр байгуулсан. Эвсэлд үл нэгдэх тухай үзэл хуучирч, өдгөө олон тулгуурт бодлогын эрин үе эхлээд байна. Анхдагч ба гуравдагч ертөнцийн хоорондох өргөн уудам орон зайд хоёрдогч ертөнц оршдог. “Үндэсний эрх ашиг” сэтгүүлд гарсан Стевэн Вебергийн “Баруунгүй дэлхий” хэмээх нийтлэлд Азийн бүс нутгийн интеграц болон ШХАБ зэрэг шинэ эвслийг цохон тэмдэглэсэн байдаг. Гэхдээ энэ бол зөвхөн Хятад болон Энэтхэгийн хүчирхэгжилтийн тухай асуудал биш юм. Харин дэлхий даяарх газрын тос үйлдвэрлэгч улсууд, хөрөнгө санхүүгийн нөөц ихтэй Арабын улсууд бүс нутгийн тэнцвэрийг шинээр тодорхойлж буй Бразил, Малайз зэрэг улс орнуудад ч бас хамаарах асуудал. Нэг үгээр хэлбэл шинэ зах зээлүүд аль хэдийн сэргэн бий болжээ. Дэлхийн гадаадын шууд хөрөнгө оруулалтын ихэнх нь тийш урсаж, их хэмжээний вальютын нөөц тэдэнд төвлөрсөн ба зах зээл дээрх худалдан авалт нь огцом өсөж байгааг барууны үйлдвэрлэгчид хайхрахгүй өнгөрөөж чадахгүй юм.
Барууныхны хэв маяг илэрхий байдаг эдийн засгийн бүтэц болох Дэлхийн Банк, ОУВС, ДХБ-ыг хоёрдогч ертөнцийнхөн цочроож, барууны хэв маяг давамгайлсан тэдгээр олон улсын санхүүгийн байгууллагад хоёрдогч ертөнцийн нөлөө ихсэж буй. ОУВС-ийн Удирдах Зөвлөл дэх санал өгөх эрхэд өөрчлөлт орж байна. Вашингтон, Лондон, Парисын шийдвэрийн дагуу автоматаар ОУВС, Дэлхийн Банкны удирдлагуудыг сонгодог явдал шинэ сорилттой тулгарсаар байна. Азийн улсууд ОУВС-аас авсан өр зээлээ барагдуулаад өөрсдийн Азийн Валютын сантай болохыг зорьж буй. Ингэснээр ОУВС, Дэлхийн Банкны тусламж дэмжлэг зөвхөн Африкт л хэрэг болох юм. Бразил, Аргентин ОУВС-ийн хамгийн том зээлдэгч байсан боловч өр төлбөрөө барагдуулж дуусаж байгаа бөгөөд /Аргентин Уго Чавесын үзүүлсэн 2,5 тэрбум долларын тусламжаар/ АНУ-ын нөлөөний хүрээнээс гарч байна. ДХБ-д Дохагийн үе шатыг урагшлуулахаар хийж байгаа зөвшилцөл хэлэлцээрүүд илэрхий өсөж, Барууны улс орнууд буулт хийх нь ойлгомжтой болоод байна.
Гэхдээ хоёрдогч ертөнцийн энэ шинэ үзэгдэл зөвхөн эдийн засгийн хүрээний асуудлаар хязгаарлагдахгүй юм. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн шинэчлэлийг авч үзэхэд байнгын гишүүн болохын төлөө Бразил, Өмнөд Африк, Нигер зэрэг улсууд гол нэр дэвшигчид болж байна. Түүнчлэн дээр дурдсан Хятад, Оросын толгойлдог ШХАБ хэмээх шинэ эвслийг “Дорнын НАТО” ч гэж нэрлэдэг. ШХАБ нь Төв Азийн бүс нутагт өөрсдийн худалдааны нөхцөл, бизнесийн стандарт ба терроризмтэй тэмцэх, хар тамхины наймааны эсрэг үйл ажиллагаа явуулахаар бодлогодоо тусгасан. Удахгүй Иран, Пакистан, Афганистан ШХАБ-ын гишүүн болохыг зорьж байна. Киргизстанд зохиогдсон ШХАБ-ын уулзалтад Афганистаны байдлыг тогтворжуулах талаар олон улсын хэмжээний чуулган зохиох саналыг ОХУ гаргасан. Үүгээрээ ОХУ НАТО-г бүтэлгүйтсэн гэдгийг илэрхийлсэн юм. БНХАУ тэргүүтэй сэргээн босголтын багийг Афганистан руу илгээхээр төлөвлөж байна. Түүнчлэн Афганистаны Логар муж дахь дэлхийн хамгийн том байх магадлалтай зэсийн ордыг Хятад ашиглах эрхийг авсан бөгөөд тэнд бас цахилгаан станц барьж төмөр зам тавьж өгөх юм.
Энэ хооронд шинэ Арабизм сэргэж байна. Персийн булангийн газрын тосны орлогоор Лондон эсвэл Женевт биш харин бүс нутагтаа хөрөнгө оруулалт хийн зочид буудал, орон сууц барьж, шинэ ажлын байрыг бий болгож байна. Түүнчлэн Аль–Жазера ба Аль–Араб зэрэг мэдээллийн агентлагуудыг байгуулж, Арабын улс төрд хутгалдах барууны бүхий л үйл ажиллагааг лалын хөдөлгөөнүүдтэй хамтарч чимээгүй эсэргүүцэж байгаа. Дубайд энэ их эрч хүчийг мэдэрч болно. Дубай бол Арабын иргэншлийн шинэ нийслэл юм. Энд барууны технологи ба удирдан зохион байгуулах чадвар, гуравдагч ертөнцөөс ирсэн хүн хүчтэй хамтран Персийн булан дахь XXI зууны Азийн Манхаттенийг бий болгож байна.
Хоёрдогч ертөнц дэлхийг өөрчилж байгаа хэдий ч захирдаггүй юм. Америкийн хүч саарч байгаа энэ үед БНХАУ, Европын Холбоо итгэлтэй бие даасан бодлого явуулах боллоо. Энэ олон туйлт дэлхий биш бөгөөд тэр тусмаа цэрэг дайны асуудал бүүр ч биш. АНУ, ЕХ, БНХАУ гурав бол хоёрдогч ба гуравдагч ертөнцийг татаж буй гурван туйл юм. Ялангуяа Венесуэл ба Бразилд Хятадын эдийн засгийн нөлөө өссөнөөр энэхүү хоёрдогч ертөнцийн бүс нутаг болох Өмнөд Америкт сөргөлдөөн аль хэдийн бий болчихжээ. Монрогийн номлолоор Латин Америкд бий болсон Америкийн онцгой нөлөөллийн хүрээ хязгаарлагдмал болсон ба АНУ-ын албаныхан Бээжинд зочлохдоо энэ бүс нутагт ардчиллын үйл явцыг сааруулахгүй байхыг чимээгүй анхааруулдаг. Тэр хооронд Хятадууд Нигерт олгох зээлээ 50 тэрбум ам.доллар болгон нэмэгдүүлсэн нь барууныхны нэг жилд олгодог нийт тусламжаас ч илүү юм. Мөн Америкаас холдсон хөшүүргийн хүч нь Саудын Арабд мэдэгдэхүйц агаад энд Америкийн цэргийн баазыг татан буулгахын зэрэгцээ Хааны хөрөнгө оруулалт Америк, Европ, Хятадын талуудад тэгш хувиарлагдах болжээ.
Хүйтэн дайны дараах үр дагавраас үүссэн газар зүйн онцгой нөхцөл байдал Америкчуудыг дэлхийн бөмбөрцгийн аль ч хэсэгт очиж чадахаар болгосон юм. Евро Азийн зах хязгаарын 2 талд хүчирхэгжиж буй Хятад ба Европын нөлөө өргөжин тэлсээр Каспин тэнгисийн эргэн тойронд уулзалдана. Энд Оросууд хоёрдогч ертөнцийн хөгжиж буй гол улс болох шалтгаан оршиж буй. Гэхдээ Оросууд Хятадтай тогтоосон түншлэлээ удаан хадгалж чадахгүй нь мэдээж. Учир нь Хятадууд Оросын Алс Дорнод дахь мод, байгалийн баялагийг нь асар хурдацтайгаар цөлмөн мөлжиж байгаа. Оросууд үй олноор Сибирийг орхин баруун зүг нүүж байгаа бөгөөд тэдний ар талд үлдэж буй эзгүй хоосон орон зай дахь байгаль, дэлхийн асар их баялаг нөөцөөр хамгийн дутагдаж буй улстай хил залган оршиж байна. Дорно дахин хүчирхэгжиж байгааг Оросууд харж байгаа тул тэд хүчний тэнцвэрийг хадгалахын тулд баруунтай түншлэхээс өөр аргагүй юм.
Гэхдээ өнөөдрийн байдлаар ОХУ бие даасан бодлого баримтлах хоёрдогч ертөнцийн улсын эгнээнд багтаж байна. Мөн Турк улс энэ эгнээнд багтана. Туркууд хүйтэн дайны үед НАТО-ийн дорно дахь зангуу байсан хэдий ч Иракийн дайнд оролцоогүй билээ. Туркийн төр засаг ЕХ-той илүү ойртон дотно харилцаа тогтоон ажиллахыг хүсэж байгаа.. Станбулын өндөр цамхагуудыг харахад нэг зүйл ойлгомжтой – Турк ЕХ-ны гишүүн болохгүй байлаа ч улам Европ хэв маягт орох юм. Туркүүд ЕХ-ны улсаас 3 тэрбум гаруй ам.долларын гадаадын хөрөнгө оруулалтыг авч байгаа бөгөөд өнгөрсөн жил гэхэд л 23 сая жуулчин хүлээн авчээ. Туркийн цагаач иргэдийн 90% нь Баруун Европод амьдардаг ба эх орон руугаа жилд 1 тэрбум долларын мөнгөн гуйвуулга ба хөрөнгө оруулалт хийж байна. Энэхүү хуримтлагдаж буй хөрөнгөөр зүүн бүс нутагтаа шинэ байшин, сургууль, хивсний үйлдвэр барьж хөгжил дэвшлийг авчирч байгаа юм.
Энэхүү өсөж буй Туркийн бэл бэнчин, итгэл найдвар нь Анкара болон Станбулд Нео–Оттоманы үзэл санааг мэдрэгдэхүйц дэвэргэж байна. Энэ нь тэдэнд Ирак, Киргизстаны нутаг, Сири, Израйль, Кавказын асуудлаар бие даасан бодлого явуулахад тусладаг. Баку-Чеханий хоолойгоор дамжин Азербайжанаас орж ирж буй газрын тосны хэмжээ өссөөр, Туркүүдэд одоо Барууны эрчим хүчний хэрэгцээний 10%-ийг хангах боломжийг өгөх юм.
Бид нэг зүйлийг заавал асуух хэрэгтэй. Их гүрнүүд хоёрдогч ертөнцийн орнуудыг чангаах уу, эсвэл хоёрдогч ертөнцийн орнууд их гүрнүүдийг чангааж байна уу? Хариулт нь аль нь ч биш. Хоёрдогч ертөнц эзэнт гүрний эсрэг хөгжиж буй улс орноос бүс нутаг хүртэл хөндлөн гулд бүслүүр болж байна. Иран, Ливи цөмийн реактор бариулах саналаа Орост тавьж, Казахстан ба Малайзууд өөрсдийн бүс нутагтаа худалдааны яриа хэлэлцээ уулзалтууд зохион байгуулж, Иран, Индонези Венесуэлийн хооронд шинээр газрын тос олборлогч орны эвсэл мэндэлж байна. Хятадууд шууд Бразил руу нисч, тэр хооронд Бразилчууд Африк руу ниснэ, Энэтхэгчүүд Сирээс Вьетнам руу хөрөнгө оруулж, Абу Дабигийн оруулсан хөрөнгө, бэл бэнчин нь Уол Стрийтээс Шанхай дахь Наньжингийн гудамж хүрч байна. Хоёрдогч ертөнцийн орнууд хүч чадал, нарийн төвөгтэй, нягт байдлаараар дотроо салшгүй хоорондын уялдаатай бөгөөд аливаа нэгэн улс энэ бүхнийг удирдан хянаж чадахгүй юм.
Эдгээр бүх өөрчлөлтүүдийг ойлгохын тулд Бүс нутгийн хэмжээнд сэтгэх хэрэгтэй. Чингэхийн тулд хөгжиж буй Зүүн Европ, Төв Ази, Өмнөд Америк, Ойрхи Дорнод, Африк мөн Зүүн өмнөд Ази дахь хүчнүүдийн хэрхэн өөрчлөгдөж, хувьсаж буйг Бүс нутаг Америк, Европ ба Хятадын нөлөөллийн өөрчлөлттэй уялдуулан үнэлэн дүгнэх хэрэгтэй болно.
АНУ өмнө нь Австрали, Япон, Өмнөд Солонгос, Тайландтай тогтоосон эвслээр Номхон далайн уудам орон зайд ноёрхлоо тогтоож байв. Гэтэл эдүгээ Америкийг урьдаггүй АСЕАН, Зүүн өмнөд Азийн Хамтын Нийгэмлэг зэрэг Азийн Бүс нутгийн байгууллагууд руу ноёрхол нь шилжиж байна. Энэхүү шинэ Азийн дэг журмыг Хятадууд тэргүүлэх бөгөөд Хятад төвтэй Энэтхэг-Япон-Австралийн гурвалжин үүсэх юм. Азийн бүс нутгийн худалдааны эргэлт Номхон далай дамнах худалдааны эргэлтийг давсан байна. Энэ бүс нутаг дахь Токио, Тайбэй, Сингапур, Сөүл зэрэг дэлхийн хэмжээний хотууд санхүү, хөрөнгө оруулалтаар Хятадтай холбогдон компаниудынх нь төсөл хөтөлбөр Хятадуудаас ихээхэн хамааралтай байдалд оржээ. Эцэст нь Вестфалийн үндэстэн-улс системийг бүтэн мянганаар тэргүүлэх Азийн дэглэм Хятад төвтэйгээр иргэн ирж байна.

АНУ, Европ бүс нутагтаа тэргүүлдэг шиг БНХАУ Азид тэргүүлэх юм. Гэхдээ хоёрдогч ертөнцөд улс орнууд аль нэг талыг баримтлахгүй гэдгийг санах хэрэгтэй. Япон АНУ-тай тогтоосон холбооны харилцаагаа хэвээр хадгалж маш хурдацтай дахин зэвсэглэж магадгүй бөгөөд гуравдагч ертөнцийн Энэтхэгчүүд Америктай тогтоосон харилцаагаа улам сайжруулан урагшлуулж, тэнгисийн цэргийн тусламж үзүүлж, зэвсэг худалдан авч, цөмийн хэлэлцээр хийж байгаа билээ. Малайз ба Тайланд улсууд АНУ-тай хамтарсан цэргийн сургуулилтаа үргэжлүүлэхийн хажуугаар, Хятадаас их хэмжээний зэвсэг худалдан авдаг. Геополитикийн онолуудад: Бүс нутаг дахь суларч буй манлайлагч /АНУ/ ба өсөж буй өрсөлдөгч /Хятад/ нарын санаа зовоосон хүчний өөрчлөлт нь гарцаагүй мөргөлдөөн, зөрчилдөөнд хүргэдэг тухай байнга урьдчилан номлосон байдаг. Бид энэ онолын зөв эсэх талаар нэг их удахгүй олж харах болно.
АНУ-ыг сөрөн зогсох тодорхой нэг өрсөлдөгч гарч иртэл Америкийн ноёрхол үргэлжилэх болно гэвэл ташаа ойлголт. АНУ-ын гадаад бодлогын хэрэгжилтийг харваас: Ирак ба Афганистанд байдал сайжраагүй, Аль-Кайдаг бүрмөсөн үгүй хийж чадахгүй байсаар, Палестинд энх тайван тогтоож чадаагүй, дэлхийн худалдааг улам либералчлан чөлөөт худалдааг өргжүүлэх яриа хэлэлцээр бүтэлгүйтэн, Латин Америкт итгэлцэл бий болгон зохицуулж чадахгүй байгаа зэрэг урт жагсаалт бий болж байна. Улс орны дотоод асуудалд оролцон, ардчилал тогтоох Америкийн бодлого зогсонги байдалд орсон нь ухаарсаных бус бүтэлгүйтсэнийх юм. Хүчний бодлого амжилтгүй болсон бөгөөд өөр сонголт үлдээгүй тул АНУ-д зөөлөн хүчний бодлого, дипломат ажиллагаа сонгох зам л үлдээд байна.
2009 оны нэгдүгээр сарын нэгэн хүйтэн өдөр шинэ Ерөнхийлөгч тангараг өргөснөөр бүх зүйл өөрчлөгдөхгүй юм. Төрийн департаментын нэр хүнд маш их буурсан. Америкийн нэр төрийг яавал сэргээхийг хэн ч мэдэхгүй байна. Цаг үеэ мэдэрсэн, туршлагтай, шийдэмгий удирдлага хэрэгтэй үед өмнөх эрх баригчдийн /Клинтон, Буш/ албаны хүмүүс хий хоосон утопи зүйл ярьсаар байна. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн бүтэц сүүлийн 10 жил өөрчлөгдөөгүй байтал олон талт шинэ институци байгуулах санаа дэвшүүлж байна. Конгресс дипломат үйл ажиллагааны төсвийг 10% багасган хууль батлах үед цэргийн нөөцийг улам ихэсгэсээр байна. Бодит байдалд нийцэхгүй, хэрэгжүүлэх хүсэл эрмэлзэл байхгүй улсад зориулж олон саналууд гаргасаар.
Барууны ертөнцөд тулгарч буй хамгийн том сорилт нь дотогшоогоо өндийсөн Европ ба зөрүүд Америк хоёр хамтран ажиллаж чадах эсэх, мөн улам хүчирхэгжиж буй хоёрдогч ертөнцийг тэд манлайлж чадах эсэхэд оршино. Атлант дамнасан хүчнүүд дэлхийн чөлөөт худалдааг бий болгож хөдөлмөр ба байгаль орчны стандартыг тогтоож чадах уу? Хятадын зэвсэг Бирм эсвэл Судан руу ачигдахад ямар нэг хариу үйлдэл хийж чадах уу? Тэд Оросуудын хөрш зэргэлдээ орнууддаа нөлөөгөө сэргээн тогтоох гэсэн санаархалд саад хийн, байгалийн хийн зах зээлд улс төр хийн тоглож байгааг нь зогсоож чадах уу? Эдгээр асуултад Буш, Барак, Барросо, Блэйр ба өөр Барууны үүргийг хадгалж, дээшлүүлэх эрмэлзэлтэй хэн бугай ч бай заавал хариулах ёстой юм. Мэдээж тэд өөрсдийн хүч чадалдаа итгэсээр байвал шүү дээ.

Орчуулсан: "Их өрөг" клубын гишүүн Felix

No comments:

Post a Comment